ЧИНГИС ХААН

"Монголын Нууц Товчоо" бол монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал юм.

"Монголын Нууц Товчоо" нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгөөдэй хаан ширээнд ор суусан үеийг өгүүлсэн байдаг.

Хаанчлал 1206–1227
Хаан ширээнд суусан Онон голын орчим, 1206 он
Бүтэн нэр Чингис хаан
Төрсөн нэр: Боржигин Тэмүжин
Төрсөн он ~1162
Төрсөн газар Хэнтийн нуруу, Монгол улс
Нас барсан 1227
Дараагийн хаан Өгөдэй хаан
Их хатан Бөртэ үжин
Бага Хатад Есүй
Есүгэн
Хулан
Хааны удам Зүчи
Цагадай
Өгөдэй
Тулуй
Хааны овог Боржигон
Улсын нэр Их Монгол Улс
Эцэг Есүхэй
Эх Өэлүн
Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсанМонголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад,Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.

Уг гарал

Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гуа маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ.
Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно. Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

Бага нас

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ. 1171 онд Тэмүжин Хонгирадын ноён Дэй Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан бөгөөд тэндээс эцэг Есүхэй нь буцаж яваад Татаруудад хорлогдон амь үрэгджээ.
Тун удалгүй Тайчуудын ноён Таргудай-Хирилтуг Есүхэйн албат иргэдийг бэлбэсэн хатан Өүлэнээс булаан авч орхин нүүснээр Тэмүжин болон түүний гэр бүлийн хувьд ядуу тарчиг, хүнд хэцүү амьдрал эхэлсэн байна. Гэвч Өүлэн өөрийн хөвгүүдэд тухайн үеийн нүүдэлчдийн язгууртны хүмүүжил олгож чадсан байна. Энэ үед Тэмүжин, Хасар хоёр нийлж өөр хоорондын маргаанаас үүдэн Бэгтэрийг харваж алсны дараагаар Тэмүжин гэр бүлийн толгойлогч болох нь тодорхой болжээ. Ингэснээр Тэмүжин өөрийн хаан ширээний тэмцлийн эхлэлийг тавьсан юм.
Тэмүжинг 13 настай байхад Тайчуудын Таргудай-Хирилтуг барьж аваачин хорьж байсанд Тэмүжин авхаалж самбай, арга ухаанаа ашиглан оргон зугтсанд Сүлдүсний Сорхан Шар (хожим мянганы ноён), өөрийн хүү Чулуун (хожим Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг), Чимбай, охин Хадаан нарын хамтаар туслалцаа үзүүлж байжээ. Тэмүжин бага залуу насандаа Жадаран аймгийн Жамухатай хоёр ч удаа тангараг өргөн анд барилдаж байсан бөгөөд хожмын амьдралд хаад ноёд болон гарч ирсэн тэдний зам олон удаа зөрөлдсөн байна. Тэмүжин идэр залуу насандаа хулгайд алдсан найман шарга морио алдсаныг эргүүлэн олж авах явцад Наху баяны хүү Боорчи (хожим Их Монгол улсын баруун түмний ноён, Чингисийн дөрвөн хүлэг баатарын нэг) туслан анд барилдсан нь цаашид түүнийг хүрээлсэн үнэнч, авьяас чадварлаг нөхөд цэргүүд бий болох эхлэл байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжин Бөртэ үжинээс Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүүтэй болжээ.

Tэмцэлдсэн нь

1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. ..." гэсэн байна Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчиг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирснээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж Чингис хаан хэмээн нэрийджээ.
Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгууд Жамухаас салж Чингис хаанд ирж нийлжээ.
XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд Ван хан, Чингис хаанд Чаутхури гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэний Хөдөө арлын хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдэж Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохдын нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь тайчууд нар тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

Их Монгол Улсын
байлдан дагуулал

Улаан: Их Монгол Улс, Шар ногоон: Алтан Орд, Ногоон: Ил Хаадын Улс, Тод ногоон: Цагадайн Улс, Ягаан: Юань Гүрэн

Википедиагаас авав.