МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ НУУЦААС

Зохиогч энэхүү номоор "Монголын нууц товчоо" -н дахь утга нь мэдэгдэхгүй зарим үгсийн утгыг нь гаргаж тайлбар бичсэн байна. Номын агуулга нь доорх хэсгүүдээс бүрдэнэ. Эхний хэсэгт Б. Сумъяабаатарын «Монголын нууц товчоо» Үсгийн галиг (Улаанбаатар 1990) номыг хянаж үзээд зарим үг, өгүүлбэр оновчгүй орчуулагдсан болохыг өгүүлээд тэдгээр үгсийг урианхай (тува) хэлтэй харьцуулан тайлбар хийж орчуулсан байна.
Удаах хэсэгт одоогоор бид мартах шахаад байгаа овог, ястангийн тухай ойлголтыг дэлгэрэнгүйгээр тайлбар хийж бичсэн байна. Чингисийн үед овгоо чандлан баримталдаг байсныг илэрхийлсэн ба одоо даруй энэ ёсоо сэргээхийг тэмдэглэсэн байна.
Төгсгөл хэсэгт "Монголын нууц товчоо" -нд олонтаа гардаг урианхай аймгийн тухай, урианхайчууд Чингист үнэнчээр зүтгэж байсан талаар өгүүлжээ. Мөн тэдний өвөг дээдэс нь 20000–аас 30000 жилийн орчимд Чукотын хойгоор дамжиж Аляскийн хойг Америк тивд хүрсэн болохыг сонирхолтой баримтаар батлан өгүүлсэн байна.

Өмнөх үг

Та, энэ номыг уншсанаар “Монголын нууц товчоон”-д нэр нь олонтаа гардаг урианхай хүмүүсийн тухай, урианхайчууд ямар хэлээр ярилцдаг байсан тухай ойлголттой болно.
Монгол үндэстэн бүрэлдэн тогтож, Их Монгол Улс байгуулагдахад урианхайчуудын гүйцэтгэсэн үүргийн талаар өөрийн дүгнэлтээ гаргаж болно. Чингис хаан ба урианхай хүмүүсийн харьцааны талаар түүхийн тодорхой баримт дээр түшиглэсэн ойлголттой болж, ямар нэгэн дүгнэлт гаргаж түүхийг ойлгох таны ойлголт бодитой дэлгэрэнгүй болж болох юм.
Чингис хаан монгол хэлнээс өөр ямар ямар хэлээр ярьдаг, ойлгодог байсныг таамаглаж болно.

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” ЗОХИОЛЫН ТҮҮХЭЭСI хэсэг

Доорх байдлаар тайлбар хийсэн байна.
Номын хэсгээс... 9.1 «... Хори тумат-ун ...» гэх газрын нэрийн тухай саналаа хэлье. «Хори» гэдгийг «хөр цаст» гэж сая тайлбарласан, «Тумат» гэдэг нь «манант» гэсэн үг бололтой. «манан» гэдгийг урианхай (тува) хэлээр «туман» гэдэг. Энэ «туман» гэх үг алтай (тэлэнгид) хэлний үг учраас түрүг хэлнүүдэд болон орос хэлэнд «туман» хэлбэрээр тохиолддог. Олон хэлэнд хэрэглэгдэж байгааг бодоход энэ бол их эртний үг байх. Хэлбэр нь «тумат» гэхэд бага зэрэг өөрчлөгджээ. Жишээ нь: «туман» + (-т) – тумат гэхэд «н» гийгүүлэгч гээгдсэн байна. «Тумат» гэдэг нь монголжуу төрхийг олж «манант»; олон манантай гэсэн утгатай болжээ. «Тумат тайга» гэдэг нуруу Тагнын урианхайн төв Кызыл хотын хойд зүгт байна. «Хорьдил сарьдаг» нэртэй газар Хөвсгөл нуурын баруун талд байна. «Харидил сарьдаг» гэдэг нэрийг урианхай монгол хэл холилдсон утгаас нь орчин цагийн монгол хэлэнд орчуулбал: «хори» (цас); «хорид» (цаст) (цас ихтэй); «Хорьдил» «Цастын нутаг», «Сарь» (эр цаа), «-даг» (уул) буюу «Цастын нутаг, эр цааны уул» гэж монголчлогдоно. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын хавьд Алун-Гоо эхийн төрхөм урианхайчууд 21-р зуун хүртэл оршин тогтнож эртний хэлээрээ ярилцаж байдаг байна. Хорилардай мэргэн хори+лар овогтон болж Онон мөрний эхэнд нүүж ирсэн гэж МНТ-д бичжээ. Одоо ч гэсэн Ариг ус хавийн урианхайчууд «агалар» (ах нар), «дунгма+лар» (дүү нар), «оорч+лар» (хулгайчид) гэж ярилцсаар байгаа болов уу.

«ОВОГ» -ийн тухайII хэсэг

Номын хэсгээс...
Овог гэдэг бол ямагт эрэгтэй хүнийг залгамжлан дагасан утгатай ойлголт юмсанж. Түүхийн урт хугацаанд овгийн нэр өөрчлөгдөх, мартагдах, хүний аль нэг шинж тэмдгийг тусгаж нэрлэгдэх зэргээр байнга хувирч ирсэн түүхтэй. Жишээ нь: Адархаж хэрэлддэг шинжээс «адархин» овог үүссэн байна. «Адар» гэдэг нь урианхай хэлээр «салах» гэсэн үг. «Адархин» гэвэл «Салсан», «Салангид» овог гэсэн утгатай. Нүүдэлчдийн эртний овгууд: бүргэд, тас, хун, галуу мэт жигүүртэн; чоно, баавгай зэрэг араатан; буга, тэх, хандгай зэрэг гөрөөсүүд; бух, азарга, буур, адуу, үхэр зэрэг амьтан малын хүчирхэг, догшин сүрлэг шинжийг тусгаж үүссэн байдаг.

“ЯСТАН” гэдгийн тухайIII хэсэг

Номын хэсгээс...
Монголчуудад «яс», «ястан» гэдэг ойлголт бий. Энэ нь «овог» гэдэгтэй адил ойлголт. Овог гэдэг нь балар цагийн нэгэн эрэгтэй хүнтэй холбогдсон байдгаараа түүхэнлэг шинжтэй байна. Харин «яс» гэхэд хүний биеийн бүтэц тулгуур «яс» -тай холбогдох тул биологи (анатоми - физологийн) –ийн шинжлэх ухаантай холбогдох шинж юм. Ястан гэдэг ойлголтыг зөвхөн монголчууд биш алтай (тэлэнгид), урианхай (тува), түрүгийн зарим угсаатан хэрэглэдэг. Ойрд монголчууд “яс” гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Төвд эмнэлгийн сурах бичиг гэх нэгэн судрыг 1876 – 1878 оны хооронд оросын монголч эрдэмтэн Ал. Матв. Позднеев (1851 – 1920) гэдэг хүн орос хэлээр орчуулсан. «Учебник Тибетской медицины» гэдэг энэ номыг монгол лам нартай нийлж орчуулаад 1910 онд орос, монгол, төвд гурван хэлийг харьцуулан нийтэлжээ. Энэ номын монгол нэр нь: «Найман гишүүн рашааны дусал нууц увьдасын үндэс» ажээ. Энэ номд дурдсанаар бол: «эцгийн үрийн дусал хүний яс, тархи, нугасыг бүтээнэ» гэжээ. «хүний мах, цус, цул, савыг эх бүтээнэ» гэж үзжээ. Иймээс нүүдэлчдэд: «яс», алтай – урианхай хэлээр «сөөгү» гэдэг ойлголт тогтож эцгийн талыг «ясан төрөл», эхийн талыг «махан төрөл» гэж ангилах заншил тогтжээ. Сүүлийн үед «цусан төрөл» гэх хэллэгийг «махан төрөл» гэдгийн оронд хэрэглэдэг болж иржээ. Номын өмнө бичсэн тайлбарыг үзэхэд эмнэлгийн сурах бичиг болсон энэ судар манай эриний 2–р зууны үед санскрит хэлээр хэвлэгдсэн, хожим төвд хэлээр орчуулан гаргасан гэнэ.

“УРИАНХАЙ” аймгийн тухайIV хэсэг

Номын хэсгээс...
21–р зууны Монгол Улсын телевиз, радио, хэвлэлд урианхайг:
1. Монгол хэлтэй урианхай
2. Түрүг хэлтэй урианхай
гэж ялгаварлан сурталчилж байна. Монгол хэлтэй урианхайгаа монголчуудын нэг хэсэг гэж үзээд түрүг хэлтэй урианхайгаа харь түрүг хүмүүс гэж ярьж бичиж байна. Тэгвэл урианхай гэж ямар хэлтэй хүмүүс байсан бэ? гэдэгт “Монголын нууц товчоо” зохиол хариулт өгч байна. Урианхайчуудыг түрүг угсаатан гэж байх юм. Тэгвэл түрүг нь ямар хэлтэн, ямар угсаатан бэ? Урианхай бол түрүг (турк) –ээс үүссэн биш эртний хятадын түүхэнд бичигдсэн «дэ», «ди» аймгийн үлдэгдэл юм. «Дэ» (ди), «тэ» (ти) гэдэг нь үгийн талаас (хэл шинжлэлийн үүднээс) үзвэл «дэх», «тэх» гэсэн үг болно. «Тэх» гэдэг нь «уулын зэрлэг ямааны ухна» гэсэн утгатай үг. Зэрлэг ямааг гаршуулж тэжээсэн хүмүүс нь тэлэнгид юм. Тэлэнгид гэдэг нь «Тэхтэнгүүд», «Янгиртангууд» гэсэн утгатай үг. Тэлэнгидийг монголчууд тэлэнгид, тэлэнгүүд, тэлэгүүд, төөлис ... зэргээр нэрлэж ирсэн. Тэлэнгид хүмүүс олон мянган жилийн өмнө Америк тивд аялан хүрсэн байна. Аляскийн хойгт «тилинкит» угсааны «индианчууд» байдаг нь үүний гэрч. Тэр ч байтугай одоогийн оросын «Алтайская республика» гэдэг улсад амьдардаг тэлэнгидэд «долоон тас» овог байхад индианы тилинкит гэдэгт бас ийм овог байдаг. «Тас» гэдэг нь махан идиштэн, том хар шувуу. «Жети тас» (Долоон тас) гэдэг нь тэнгэрийн одтой холбогдсон ойлголт.

Share |



Free web hosting