Номны хавтас

Монголын түрүг судлаачдад сонордуулахад "Хөх Түрүгийн Бичиг" хэмээх ном хэвлэгдэн гарлаа.
Уг ном нь төмөр замын хэвлэлийн үйлдвэрт 2008 онд хэвлэгдсэн ба ISBN 978-99929-944-0-5 болно.

Зохиогчийн өмнөх үгнээс иш татвал: ... Энэ номын хойно хавсаргаж буй үг хадсан орчуулгаар хөшөөний бичгийн хэлийг орчин цагийн монгол, турк бүлгийн хэлтэй жирийн уншигчид өөрийн нүдээр харж унших бололцоо олно гэдэгт итгэнэ. Уншигчид түрүг бичиг, түүний дуудлагын галиг, кирилл, уйгаржин монгол бичгээр илэрхийлсэн утга, орчуулгыг харьцуулан үзсэнээр эсгий туургатан нүүдэлчдийн соёл, түүхийн холбоо-ялгааны хөгжлийн алслалт, ойртолтын талаар гүнзгий танилцаж сонин дүгнэлт гаргаж болох юм.
Монгол орны хад чулуунд сийлбэрлэн цохиж бичсэн "Түрүг бичиг" -ийн үг, үсэг бүр нь эрхэм утгыг хадгалсан тул ямар нэгэн домог, сэтгэл хөөрлийн хийсвэр таамаглалаас чанарын ялгаатай, илүү чухал үнэтэй хөдөлшгүй баримт болно.
Энэ орчуулгыг хийхдээ оросын эрдэмтэн С. Е. Маловын "Памятники древнетюркской письменности Монголии и Киргизии", Москва-Ленинград, 1959, гэдэг номын "түрүг бичиг"-ийн хуулбарыг эх болгон баримталж ашиглав. Оросын эрдэмтэн С. Е. Малов, Монголын их эрдэмтэн, доктор профессор Б. Ринчен агсны орчуулга болон Казакстаны эрдэмтэн Мырзатай Жолдасбековын 1986 онд Алма-Ата хотноо казак хэлээр орчуулж хэвлүүлсэн номын орчуулга зэргийг харьцуулан үзэж дээрх орчуулгуудад оноогүй бололтой утга санааг өөрийнхөөрөө бодож монголчлов.
Уншигчдад сонирхуулахын тулд нэр томьёог монголчилж орчуулснаараа бусад орчуулгаас ялгаатай болно. Бас тайлбарлаж хэвшсэн зарим ойлголтыг өөрчлөн гүнзгийрүүлэн үзэх шаардлага гарч байна.
Орчин цагийн "турк" хэмээх ойлголтоос ялгахын тулд "түрүг" гэж ялгамжаатай бичив.
Түрүг бичгийн хэл нь монгол түрэг хэлний аль алины шинжийг хадгалсан, авиазүйн хувьд нарийн боловсорсон дүрэм журамтай бичиг байжээ. Үгийг эр эмээр ялгахаас гадна эр үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгч, эм үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгчтэй байсан, түүнчлэн тухайн үгийн дуудлагыг тусгаж бичдэг байжээ....
Тайлбар орчуулагчийн судалгаа дүгнэлт зэрэг нь зөвхөн орчуулагчийн санаа бодлыг илэрхийлэх бөгөөд урьд нийтлэгдэж уншигчдад хүрээгүй зүйл болно. Уншигчид орчуулга хадмалтай танилцаж, тайлбар судалгаа дүгнэлтийг уншаад өөртөө ямар нэгэн ойлголт авах буюу бас шүүмжлэх, орчуулгыг засан сайжруулах болов уу гэж итгэнэ.
Хөшөөний бичгүүд нь нүүдлийн соёл иргэншлийн 200 орчим жилийн түүхийг багтаасан агуулгатай оюуны соёлын дурсгал болно.

 
Арын хавтас

Академич Ч. Далай гуай номын мялаалга үгэндээ: ... Д.Баатар эртний нүүдэлчдийн түүх, хэл бичигт холбогдох чухал сурвалж бичиг болох Көлтэгин, Тоньюкукийн гэрэлт хөшөөний бичээсийг монгол хэлнээ орчуулж тайлбар хийхийг зорьжээ. Ялангуяа тува хэл буюу тува хэлний эх хэрэглэхүүнээ түшиглэн эртний түрэг бичээсийн үгийн утгыг тайлж орчуулсан нь ихээхэн сонирхолтой болжээ. Нөр их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр гарган орчуулсан эл бүтээлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үүднээс хандвал магадтай тал байж болох ч зарим үгийн утга гарлын тайлбар нь хэл шинжээч эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татах нь магад юм. Энэхүү бүтээлд санал зөрөхөөр зүйл цөөнгүй байвч тэр нь зохиогчийн өөрийн үзэл бодол тул хүндэтгэн үзэж засч, өөрчлөөгүй болно.

"Хөх Түрүгийн Бичиг" хэмээх эл бүтээл нь Монгол түрэг судлалын тодруулбал эртний түрэгийн бичгийн дурсгалын орчуулгад тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Номын цагаан үйлс дэлгэрэх болтугай.

"Хамгийг номхотгогч" гал гахай жилийн өвлийн адаг харагчин үхэр сарын шинийн нэгэн.

 
Share |
 


Free web hosting